ОРХОН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Татварын өртэй байгууллагуудын ажилчдын мэдээлэл Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг болох тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Учир нь өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ажил олгогч нарын дийлэнх нь нийгмийн даатгалд их бага хэмжээний өртэй байдаг юм байна. Тиймээс бид энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуримтлалын сан удирдлагын хэлтсийн дарга Д.Баяржаргалаас тодрууллаа. -Цахим орчинд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН-д ажилладаг иргэдийн мэдээлэл Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг болно гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү? -НДЕГ-аас даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д өртэй ажил олгогчийн мэдээллийг хуулийн хүрээнд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн Мэдээлэл “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11 дэх заалтад зааснаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг болох юм. Тэрнээс биш таны яриад байгаа шиг ажилчдын мэдээллийг хүргүүлнэ гэсэн юм байхгүй. Зөвхөн ажил олгогчийн мэдээллийг хүргүүлнэ. -Ажил олгогчид шимтгэлээ цаг тухайд нь төлөхгүй өр үүсгэх нь даатгуулагч буюу ажилчдад ямар хор уршигтай вэ?2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 13 мянга орчим ажил олгогч байгууллага 130 орчим тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байна. Үүний цаана 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал дээр өртэй байгууллагад ажилладаг эмэгтэй даатгуулагчдын тухайд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй, залуучууд ажлаас гарах, ажлын байраа солих үедээ ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй, өвдсөн бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олдохгүйгээс гадна эмнэлэгийн тусламж үйлчилгээ ч авахдаа ч даатгалаараа хөнгөлүүлэх боломжгүй болно. Түүнчлэн насан туршдаа авах өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болох, тэтгэврийн хэмжээ буурах зэрэг асуудал ч үүсч болох юм. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх 30 төрлийн үйлчилгээнээс гадна нийгмийн харилцаанд ороход ч хүндрэл учирч болно. Тухайлбал, иргэд арилжааны банкнаас зээл авах, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэх зэрэгт нийгмийн даатгал санхүүгийн баталгаа болдог. Гэтэл шимтгэлийн өрнөөс болоод ийм боломжуудаа ч хязгаарлуулж, даатгуулагчдын эрх зөрчигдөөд байна. -Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагуудын мэдээлэл Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг болсноор тухайн байгууллагад ямар нөлөө үзүүлэх вэ? -Тухайн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн эсэх мэдээлэл Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргэгдэнэ. Ингэснээр тус мэдээллийн санг ашигладаг 600 орчим байгууллага тухайн ажил олгогчийн шимтгэл төлөлтийн мэдээллийг ашиглах боломж бүрдэнэ.  -Иргэд цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ суутгуулаад л яваад байдаг, гэтэл яг эмнэлэгт очоод үзүүлэх гэхээр, эсвэл банкнаас зээл авах гээд дэвтрээ бариад очихоор шимтгэл төлөгдөөгүй байна гээд үйлчилгээ үзүүлдэггүй шүү дээ. Энэ тохиолдол яах ёстой вэ? -Ажил олгогчид даатгуулагчийн цалингаас хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл суутган авч, тайландаа тусган ирүүлдэг ч  нийгмийн даатгалын санд тухайн суутгасан шимтгэлээ шилжүүлэхгүй авлага үүсгэсэн тохиолдолд “шимтгэл төлөөгүй” гэсэн мэдээлэл лавлагаан дээр харагддаг. Үүнээс үүдэн тухайн даатгуулагчийн нийгмийн баталгаа алдагдаж, нийгмийн даатгалын сангаас үзүүлэх үйлчилгээг авах эрх хязгаарлагдаж байна. Шимтгэлийн авлага үүсгэсэн насжилтаас хамаарч ажил олгогчид хуульд заасны дагуу уулзалт зохион байгуулах, мэдэгдэл өгөх, дансны гүйлгээ хаах, улсын байцаагчийн албан шаардлага өгөх, шүүхэд нэхэмжлэх зэрэг арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ даатгуулагчийн эрх ашгийг хамгаалсан эрхзүйн зохицуулалтыг хуульд тусгасан байдаг. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсэн заалт бий. Иймээс даатгуулагч нар байгууллага суутгасан шимтгэлээ төлөөгүйгээс нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадалгүй хохирсон хохирлыг дээрх заалтын дагуу ажил олгогчоос нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хуулийн энэ заалтыг сайн мэдэдгүйгээс даатгуулагч нар хохирч үлдэх тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй. Т.Гэрэл Эх сурвалж : www.zaluu.com